Амралтын өдрүүдэд гарсан хоёр түймрийн нэгийг бүрэн унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-20 12:50:21

Булган /МОНЦАМЭ/ Өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймагт ойн хоёр түймэр гарч, Онцгой байдлын газрын албан хаагчид, нутгийн иргэдтэй хамтран ажиллаж цурманд оруулж, нэгийг нь бүрэн унтраажээ.

Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Арван наймын дөрөлж” гэдэг газар өчигдөр гарсан ойн түймэрт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд дөрвөн цаг шахам ажиллаж бүрэн унтраасан байна. Уг гал түймэрт 2.2 га ойн талбай шатжээ.

Мөн Хишиг-Өндөр сумын Тээг багийн нутаг Бөгтөрийн нуруунд Бамба гарагт гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулсан бөгөөд Онцгой байдлын газрын албан хаагчид, нутгийн иргэд бүрэн унтраахаар ажиллаж байна. Галд шатсан унанги мод, нурамны уугилт их байна. Гал түймэрт 358 га ойн талбай шатсан гэж аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ.

Холбоотой мэдээ