Е.Манар: "Алтайн оймс"-ыг Баян-Өлгий аймгийн брэнд бүтээгдэхүүн болгохыг зорьж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-20 14:10:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Орон нутгийн хонины ноосоор утас ээрүүлж, оймс нэхэн экспортод гаргаж байгаа "Алтайн оймс" компанийн захирал Е.Манартай ярилцлаа.


Оймсны үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хэзээ эхлүүлсэн бэ?

- 2016 онд өрхийн үйлдвэрийн хэмжээнд анх үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс орой ажлын бус цагаар гэр бүлээрээ ажилладаг байсан. Нөхөр маань нэхмэлийн машинд, би өөрөө «Фүнжү» нэртэй оймсны толгой, өсгий бүрдэг машинд ажиллана. Хүүхдүүд маань индүүдэх, шошгожуулах ажилд тусалдаг. Саяхнаас өрхийн үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж аж ахуйн нэгж байгуулан ажиллаж байна.

Одоо танай үйлдвэр хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна?

- Өмнө нь ажиллаж байсан нэхмэлийн 2 машин дээр нэмээд шинээр 4 машин суурилуулсан. Үүнтэй холбогдуулан дөрвөн хүнийг ажлын байраар хангаж байна.

Түүхий эдээ хаанаас авч байна?

- Урьд нь БНХАУ-д үйлдвэрлэсэн 70 хувийн ноосны агууламжтай ээрмэл утсыг ашиглаж оймс нэхдэг байсан. Саяны үйлдвэрийн өргөтгөлийн үр дүнд Баян-Өлгий аймгийн «Файн ноос» компанийн угааж самнасан ноосыг Улаанбаатар хотын ээрмэлийн үйлдвэрүүдэд ээрүүлж, 100 хувийн ноосны агууламжтай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж байна.

Үйлдвэрийнхээ хүчин чадлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Өмнө нь өдөрт 200-300 ширхэг оймс үйлдвэрлэдэг байсан. Үйлдвэрээ өргөжүүлснээр одоо 500-600 оймс нэхэх боломжтой боллоо. Хүчин чадал маань 2,5 дахин нэмэгдсэн гэсэн үг.


Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулдаг вэ?

- Өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн хэрэглэгчтэй болсон. Голдуу экспортын чиглэл баримтлан ажиллаж байна. ОХУ, БНХАУ, Казахстан улсад экспортолж байгаа. Ажиллах хүч дутмаг, үйлдвэрийн хүчин чадал бага зэргээс хамааран өмнө нь бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нэг их гаргадаггүй байсан. Үйлдвэрээ өргөжүүлснээр дотоодын хэрэглэгчдийг ч органик бүтээгдэхүүнээр хангахад бэлэн болсныг энэ ташрамд хэлмээр байна.

Тоног төхөөрөмжөө хаанаас татаж байна?

- Солонгос, Хятад улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Нэг машины үнэ 16 сая орчим төгрөг байдаг. Гэхдээ үүнийг тухайн үйлдвэрээс нь шууд авч чаддаггүй. Яагаад гэвэл тэд манайх шиг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд ганц хоёроор тоног төхөөрөмж зарах сонирхолгүй байдаг. Тийм учраас бусад томоохон компаниудаар дамжуулаад төхөөрөмжүүдээ татан авч байна.


Санхүүжилтээ яаж босгож байна?

- Хамгийн түрүүнд арилжааны банкнуудад баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Тэдний зээлийн хүү өндөр ч гэсэн бидний үйл ажиллагааг дэмжин хүссэн санхүүжилтийг маань олгож байгаа. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан гэх мэт хөнгөлөлттэй зээлүүдэд хамрагдаж байгаагүй. Бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд маш их хугацаа шаардана. Түүнийг нь бүрдүүлж аваачиж өглөө гэхэд манайх шиг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хүрдэггүй. Тэнд цаг заваа зарцуулж байснаас арилжааны банктай зууралдаж, үйлдвэртээ анхаарал хандуулах нь бидэнд хамаагүй дээр.

Тулгамдсан өөр ямар асуудал байна?

- Төвөөс алслагдсан байдал үйлдвэр явуулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Жишээлбэл, үйлдвэрийн тоног төхөөрөмж, нэхмэлийн машины зүү, утас шөрмөс гээд ямар нэгэн асуудал гарлаа гэхэд ойроос авах боломж байдаггүй. Заавал 1700 гаруй км зам туулж Улаанбаатар хотоос захиалж авна. Авч ирсэн утасныхаа код, өнгө нь зөрлөө гэхэд дахиад асуудал үүснэ. Энэ мэт жижиг сажиг хүндрэлүүд байна. Гэхдээ бүгдийг даван туулж байгаа.

Та бүхний цаашдын зорилго?

- Оймс өмсдөггүй хүн гэж байхгүй. Хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, "Алтайн оймс"-ыг Баян-Өлгий аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн болгохыг зорьж байна.   

 

Холбоотой мэдээ