НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-17 19:20:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон Н.Оюундарь нар тус тусын өргөн барьсан НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. 


Эхлээд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулахдаа, НӨАТ-ын тухай хуулиар бараа, ажил, үйлчилгээний борлуулсан орлогод 10 хувиар татвар ногдуулж байгаа нь иргэд, жижиг аж ахуйн нэгжид ихээхэн дарамт учруулж байгааг тэмдэглэсэн. Тиймээс НӨАТ-ыг 5 хувь болгож багасгахаар хуулийн төслийг боловсруулсныг танилцуулав.


Төсвийн байнгын хороо энэ сарын 14-ний хуралдаанаараа уг төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. Байнгын хорооны хуралдааны үед, УИХ-ын гишүүн Ж.Батзандан албан татварыг 1 хувь болгож, буцаан олгох нь 9 хувь байх санал илэрхийлэхийн зэрэгцээ УИХ-ын гишүүн Н.Оюундарийн өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.


Харин УИХ-ын гишүүн О.Батнасан НӨАТ-ын хувь хэмжээг багасгахыг дэмжиж байгаа ч татвар төлөгчдийг бүртгэлжүүлэх боломжгүй байгааг анхаарч хялбаршуулсан татварын хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн санал гаргасан. НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв. Ийнхүү “Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоол батлагдсанд тооцов. 


Дараа нь УИХ-ын гишүүн Н.Оюундарь боловсруулж, өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.


НӨАТ-ын татварын хувь хэмжээ нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад бага, урамшууллыг сугалааны тохирлоор олгож байгаа нь шударга бус үйлдэл гэж үзээд НӨАТ-ын буцаан олгох хувь хэмжээг 5 хувиар нэмэгдүүлж, 7 хувь болгох хуулийн төслийг боловсруулжээ. Ингэснээр худалдан авалтыг эрчимжүүлж, далд эдийн засгийн хэмжээг багасган татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх, тэдэнд ногдох татварын ачааллыг бууруулж татварын тэгш, шударга байх зарчмыг хангана гэж үзжээ. Тус хуулийн төслийг Төсвийн байнгын хороо энэ сарын 14-нд хэлэлцэж, үзэл баримтлалын хувьд хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. 


Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Оюундариас хариулт, тайлбар авав. Түүнчлэн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, Н.Оюундарь нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.


Ийнхүү Төсвийн байнгын хороо төслийг хэлэлцэх шаардлагагүй гэснийг дэмжих томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингээд мөн “Хуулийн төсөл буцаах тухай” тогтоол батлагдав.

Холбоотой мэдээ