БНХАУ-ын ДНБ сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаа 6.8 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-17 16:31:20

БЭЭЖИН. /TASS/. Коронавирусний цар тахлын сөрөг нөлөөний улмаас нэгээс гуравдугаар сарын хугацаан дахь Хятадын эдийн засгийн хөгжлийн эрчийн үзүүлэлт 1992 оноос хойш анх удаа сөрөг гарчээ. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1 дүгээр улиралд 6.8 хувиар буурсан тухай БНХАУ-ын Үндэсний статистикийн газраас мэдээлсэн байна.


Хятадын дотоодын  нийт бүтээгдэхүүний хэмжээ гурван сарын хугацаанд 20.65 их наяд юаньд /2.92 их наяд ам.доллар/ хүрчээ. Энэ хугацаанд хөдөө аж ахуйн салбарын ашиг орлогын хэмжээ 3.2 хувиар буурч, 1.02 их наяд юаньд хүрсэн бол аж үйлдвэр 9.6 хувиар буурч, 7.36 их наяд юаньд, үйлчилгээний салбар 5.2 хувиар буурч, 12.27 их наяд юаньд тус бүр хүрсэн байна.


БНХАУ-д дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд аажмаар удааширч байна. Тодруулбал, 2017 онд тус улсад дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.8 хувьд хүрч байсан бол 2018 онд 6.6, 2019 онд 6.1 хувь болж буурсан байна. 


Хүн амын бодит орлого

Хятад улсад нэг хүнд ноогдох бодит орлогын хэмжээ жилийн дундаж үзүүлэлтээр 3.9 хувиар буурч, эхний улиралд 8561 юаньд хүрчээ. Үндэсний статистикийн газрын тайланд дурдсанаар, энэ үзүүлэлт хөдөө орон нутгийн оршин суугчдын хувьд мэдэгдэхүйц буурсан байна.


“БНХАУ-д нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ерөнхийдөө тогтвортой байгаа хэдий ч дэлхийн эдийн засгийн уналтаас үүдэлтэй эрсдэлүүд нэмэгдэж байна. Тодорхойгүй хүчин зүйлүүд улам мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна” хэмээн тайланд мөн дурдсан байна.


Гэсэн хэдий ч энэ хугацаанд цалин авдаг иргэдийн нэрлэсэн орлого дунджаар 1.2 хувиар өсжээ. Түүнчлэн санхүүгийн хөрөнгө эзэмшигчдийн орлого 2.7 хувиар өссөн байна. 


Аж үйлдвэрлэл

БНХАУ-д аж үйлдвэрлэлийн  хэмжээ энэ оны эхний улиралд жилийн дундаж үзүүлэлтээр 8.4 хувиар буурчээ. Энэ үзүүлэлт 3 дугаар сард 1.1 хувиар буурсан байна.


БНХАУ-д аж үйлдвэрлэлийн эрч аажмаар сулраад байгаа аж. 2017 онд аж үйлдвэрлэлийн өсөлт 6.6 хувьд хүрсэн бол 2018 онд 6.2 хувьд, 2019 онд 5.7 хувьд хүрсэн байна. 

Холбоотой мэдээ