Энэ зун 15 мянган малд үзлэг, ангилалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-15 16:56:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил улсын төсвийн санхүүжилтээр таван сумын 15 мянган толгой мал сүрэгт үзлэг, ангилалт хийх,  малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан болон удам зүйн үнэлгээний программд оруулах ажлыг 04 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулна.

Тодруулбал, Баянгол сумын “Баянгол омог”-ийн 2500 хонь, Уянга сумын нутгийн 5000 сарлаг, Нарийнтээл сумын “Тээлийн улаан” нутгийн шилмэл хэвшлийн 2500 ямаа, Гучин-Ус сумын “Монголын хоолой”-н 2000 тэмээ, Есөнзүйл сумын нутгийн 3000 адууг ангилан ялгах юм.

Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн “Үржлийн малд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах тухай” А/151 дүгээр захирамжаар үзлэг ангилалтын ажлыг сум орон нутагтаа зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан ба гүйцэтгэлд  хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан болон удам зүйн үнэлгээний программд оруулах ажлын зардлын хуваарилалт болон гэрээгээр ажил үйлчилгээ явуулах мал үржүүлэг, технологийн нэгжүүдийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын  2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн “Мал сүрэгт үзлэг, ангилалтын ажил зохион байгуулах тухай” А/07 дугаар тушаалаар баталж,  бэлтгэл зохион байгуулалтын ажлыг хангаж байна.

Холбоотой мэдээ