ОХУ-д коронавирусний халдварын 2774 шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-14 19:22:33

МОСКВА. /RIA Novosti/. Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-ын 51 бүс нутагт коронавирусний халдварын 2774 шинэ тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас барсан бол 224 хүн эдгэрлээ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. 


Шуурхай штабын мэдээлэлд дурдсанаар, ОХУ-д коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 21102 болж нэмэгдсэн бол 1694 хүн эдгэрч, 170 хүн нас барсан байна. Тус улсад 1.4 сая гаруй коронавирусний шинжилгээ хийжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 1489 нь нийслэл Москва хотод бүртгэгдсэн бол тус хотын дараагаар 460 тохиолдол илэрсэн Москва муж орж байна. Түүнчлэн Коми улсад 97, Доод Новгород мужид 68 тохиолдол шинээр илэрчээ.

 

Коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор ОХУ-ын ихэнх бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан бөгөөд иргэддээ гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Мөн олон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа түр зогсоож, бусад улс орнуудтай агаарын болон төмөр замын харилцаагаа таслаад байгаа билээ.

Холбоотой мэдээ