Их газрын чулууны дотоод бүсчлэлийг тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-02 19:29:03

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын дотоод бүсчлэлийг БОНХАЖ- ын яам тогтоосон байна.

Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг хадгалах шаардлага, аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан онцгой бүс, аялал жуулчлалын болон хязгаарлалтын бүсэд хуваадаг байна.

Их газрын чулууны хувьд Монголын боржингийн их бүсийн томоохон төлөөлөл болсон өвөрмөц тогтоц, хурц шовх оргил, үлдэц хадан цохио, түүнд шүтэн амьдрах ховор амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор хойд хэсэгт орших Ерлөг уул, өмнөд хэсгийн Баруунсайхан уул орчмын нутгийг онцгой бүсэд хамааруулсан байна. Энэ бүсэд нийт 8776,6 га газар хамрагдсан бөгөөд цогцолборт газрын нийт талбайн  5.1 хувийг эзэлжээ.

Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт боржин  чулуулгийн  өгөршлийн хэлбэрүүдээс үүдсэн өвөрмөц сонин хадан тогтоц, агуй, хонгил, хөмрөг  унжлага, цооног бүхий төрх байдал  нь аялал жуулчлал хөгжүүлэх гол нөөц гэгддэг. Тиймээс аялал жуулчлалын 3 бүс тогтоож, үүнд нийт 57273 га газрыг хамруулсан байна. Энэ нь цогцолборт газрын 32.5 хувийг эзэлжээ.

Харин 109857  га буюу цогцолборт газрын нийт талбайн 62,45 хувийг хязгаарлалтын бүс эзэлж байна. Хязгаарлалтын бүсэд цогцолборт газрын нутагт орших нуур, тойром, булаг бүхий амьтдын шилжилт хөдөлгөөн явагддаг экологийн коридор нутаг хамрагджээ.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ