Японы парламентын гишүүд цалингаа бууруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /TASS/. Японы эрх баригч болон сөрөг хүчний нам коронавирусний халдвар тархсаны улмаас орлого нь буурсан ард иргэдтэйгээ сэтгэл санаагаар хамт гэдгээ илэрхийлж, парламентын хоёр танхимын депутатуудын цалинг 20 хувиар бууруулахаар тохиролцжээ. Энэ арга хэмжээ жилийн турш хэрэгжинэ гэж “Kyodo” агентлаг мэдээллээ.
Намууд хоорондоо зөвшилцсөний дараа холбогдох хуулийн төслийг нэн даруй батлуулахаар парламентад өргөн барихаар болсон байна. Парламентын гишүүдийн бууруулсан цалинг халдвар тархсантай холбоотойгоор авсан янз бүрийн хязгаарлалтаас үүдэлтэй хохирлыг нөхөх, иргэдэд нөхөн олговор олгоход зарцуулах аж. Үүнтэй адил арга хэмжээг 2011 онд Японы гол арал Хоншюд цунами болж, “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад осолд гарсны дараа хэрэгжүүлж байжээ.
Одоогийн байдлаар Японд коронавирусний халдвар авсан хүний тоо 8400 давж, 158 хүн нас барсан байна.