Төсвийн зарим орлого тасарчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-04-14 10:48:30

Булган /МОНЦАМЭ/ Энэ оны эхний улирлын байдлаар Булган аймгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 16,2 тэрбум буюу 99,2, нийт зарлага 13,8 тэрбум төгрөг буюу 75,7 хувийн гүйцэтгэлтэй байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс мэдээллээ.

          Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал нийт орлого тусламжийн дүн 2,1 тэрбум төгрөг буюу 14,9 хувиар өссөн бол урсгал орлого 0,2 хувь буурсан байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 6,7 тэрбум төгрөг буюу 104,0, сумдын төсвийн орлого 9,5 тэрбум төгрөг буюу 96,0 хувийг гүйцэтгэлтэй гарчээ. Аймгийн төсвийн орлогын 66,0 хувийг тусламж, санхүүжилт, 30,0 хувийг татвар, 4,0 хувийг татварын бус орлого эзэлж байна.

Дийлэнх суманд банкны хадгаламж өсөж, хадгаламжийн хүүгийн орлого нэмэгдсэн, хаврын хуурайшилтын улирал эхлэхээс өмнө мод бэлтгэж, гоожингийн орлого төвлөрсөн, өнгөрсөн оны улаан буудайн урамшуулал орсон зэргээс татварын орлого нэмэгджээ. Харин “Covid-19” халдварын улмаас худалдан авалт буурсан, хогны төлбөр төвлөрөөгүй, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссоноос шууд бус орлого тасарсан зэргээс Булган, Могод, Орхон, Хангал суманд татварын орлогын төлөвлөгөө биелээгүй байна.

Холбоотой мэдээ