Булган аймагт 17 удаа сорилго шалгалт авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-13 20:01:50

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд энэ хавар 538 хүүхэд сургууль төгсөж элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр төлөвлөж байна. Энэ талаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Түвшинмөнхөөс тодрууллаа.

          - Аймгийн хэмжээнд 15 сургуулийн 24 бүлэгт 538 хүүхэд өдрөөр суралцаж байгаа. Нийт төгсөх ангийн суралцагчдын 43,9 хувь аймгийн төвийн дөрвөн сургуульд суралцаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх талаар олон төрлийн ажил хийж байна. Энэ жилийн хувьд хөл хорио тогтоож, улсын хэмжээнд теле хичээл зохион байгуулж байгаа. Аймгийн хэмжээнд теле хичээл үзэж, сурч байгаа байдлыг 7 хоног бүр авч яаманд мэдээлж байна. Сүүлийн гурван сарын хугацаанд сурагчдын 70 орчим хувь теле хичээл үзэж байна. Харин хөдөөгийн багт амьдарч байгаа хүүхдүүдийн теле хичээл үзэх байдал сүүлийн сард буурч байгаа тал байна. Энэ нь монгол ахуйтай холбоотой бөгөөд мал төллөх ажилд тусалж байгаагаас шалтгаалж байна.

          - Өнгөрсөн онд аймагтаа элсэлтийн шалгалтыг сорилго байдлаар өмнө нь авч байсан. Энэ жилийн хувьд шалгалтад бэлтгэж байгаа байдлаа урьчдилан дүгнэж үзэх боломж байгаа болов уу?

-Аймгийн хэмжээнд 12-р анги төгсөх сурагчдад элсэлтийн ерөхий шалгалтын 10 хичээлийн агуулгаар 221 багш хичээл зааж байна. Төгсөх ангийн сурагчдаас 17 удаагийн цахим сорилго зохион байгуулсан. Хими, биологи, газар зүй, монгол хэл, гадаад хэл, математикийн хичээлээр зохион байгуулж, нийт төгсөх ангийн давхардсан тоогоор 940 гаруй суралцагчийг хамруулан үр дүнг тооцож, зөвлөгөө зөвлөмжийг тухай бүр хүргэж байна.

Цахим сорилгод сургуулиудын идэвх оролцоо харилцан адилгүй, 60 орчим хувь нь оролцож байна. Ялангуяа Дашинчилэн, Тэшиг сумын сургууль тааруурхан анхаарч байна.

- Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим сорилгод оролцогчдын үнэлгээ ямар гарч байна вэ?

- Сурагчдын гүйцэтгэлийн хувийг авч үзвэл 30-60 хувь дүгнэгдэж байгаа.

Энэ жил өмнөх оны шалгалт өгөх төгсөгчидтэй нийлээд 600 орчим сурагч давхардсан тоогоор 1600 орчим хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлж байна. Боловсролын үнэлгээний төвтэй хамтран хамгийн их сонголттой таван хичээлээр урьдчилсан элсэлтийн ерөнхий шалгалт маягаар нэгдсэн шалгалтыг зохион байгуулахаар тохиролцсон. Гэхдээ цаг хугацааны хувьд боломж харж байна.

Элсэлтийн шалгалтын бэлтгэлийн хувьд танхимын сургалт тасалдаж байгаа хугацаанд цахим орчин ашиглаж давтлага өгч байна. Мобикомын аймаг дахь салбартай хамтраад төгсөх ангийн сурагчдад 99GB-ын дата багцын шинэ дугаар авч нийлүүлэх ажлыг хамтран зохион байгуулаад явж байна.

Мөн “Бие даан суралцах боломж” болзолт уралдааныг зарлаад байгаа. 

Холбоотой мэдээ