Баянхошууны 2.8 км авто замын ажил хуваарийн дагуу явж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-13 15:51:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд байна.


Тухайлбал, СХД-ийн 4, 19 дүгээр хороо буюу Баянхошууны эцсийн буудлаас хойш шинээр авто зам тавих ажил эхэлжээ. Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх тэргүүтэй албаныхан өнөөдөр ажлын явцтай нь танилцлаа.


Б.Отгонсүх: "2019 онд Улаанбаатар хотод замын бүтээн байгуулалтын 3 том ажил хийгдсэн. Үүнд: Яармагийн гүүр, Налайхын авто зам, Олимпын гүүрийн ажлууд орно. Харин 2020 онд энэ томоохон бүтээн байгуулалтын тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг дуусгахаас гадна нийтдээ улсын болон нийслэлийн төсвөөс 52 км авто замыг хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 1-ний өдрөөс замын ажлууд эхэлсэн. Замын засвар, шинэчлэлт, шинээр тавих ажлууд хуваарийн дагуу эрчимтэй явагдаж байна.

Нийслэлийн иргэдээс хотын захын хороололд хатуу хучилттай зам тавих хүсэлт их ирдэг. Иргэдээс ирсэн саналын дагуу Баянхошууны эцсээс хойш тавьж буй, 2.8 км замын ажил ирэх есдүгээр сард хүлээлгэж өгөх юм. Тус замын ажилд газар чөлөөлөлтөд 88 нэгж талбар хамрагдсан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон НАЗХГ-ынхан газар дээр нь ажиллаж байна.

"Нэг хот- Нэг стандарт" аяны хүрээнд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг стандарт шаардлагын дагуу гүйцэтгэх зорилт тавьсан. Шинээр тавьж буй замуудыг ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй хийх болно" гэлээ.

Холбоотой мэдээ