Жун Наньшань: Халдварын тархалтыг худал мэдээлэх үндэс байхгүй

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-04-13 19:39:27

Бээжин /МОНЦАМЭ/. Зарим улсын шинжээчид БНХАУ дотоод дахь коронавирусний тархалтын талаарх бодит мэдээг нуун дарагдуулж, тоон баримтыг худал мэдээлсэн хэмээн үзэж буйтай холбогдуулан тус улсын Шинжлэх ухааны академич Жун Наньшань байр сууриа илэрхийллээ.

            Энэ сарын 12-ны өдөр Гуанжоу мужийн Ардын засгийн газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр хэлэхдээ “Халдварын тархалтын талаарх тоо мэдээг худал мэдээлнэ гэж байхгүй. Хэрвээ энэ бүхэн худал байсан бол Хятад улс аж үйлдвэрлэлийг эргэн сэргээж чадахгүй. Аж үйлдвэрлэлийг сэргээх асуудалд бид зөвхөн урагшлах ёстой. Ганц нэгээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлуудаас болж ухрах ёсгүй. Хэрэв ийм зүйл болбол эдийн засагт асар их сөрөг нөлөө үзүүлнэ” гэжээ.

           Тэрээр цааш нь хэлэхдээ “Шинээр гарч буй халдварын тохиолдлуудыг нэн даруй тусгаарлах аваас халдвар үргэлжлэн тархахаас сэргийлж чадна. Ганц нэгээрээ бүртгэгдэж буй халдварын тохиолдлуудаас болж нийгэм айдаст автаж, ухрах хэрэггүй. Эдийн засгийг сэргээхийн тулд бид урагшлах ёстой. Гэвч аж аж үйлдвэрүүдийг сэргээж хэвийн үйл ажиллагаанд оруулахад халдвар тархах эрсдэл нэмэгдэх тул урьдчилан сэргийлэх ажлыг зөв зохион байгуулах нь чухал” гэв.

            Ташрамд дурдахад, Жун Наньшань нь Хятадад алдартай “Амьсгалын замын өвчний” эмч бөгөөд "COVID-19"-тэй тэмцэх ажлын багийг ахласан юм. Мөн 2003 онд Хятадад гарсан SARS өвчнийг устгахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ алдартай.  

              

Холбоотой мэдээ