ОХУ-аас 276 иргэнээ татан авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 276 монгол иргэнийг Алтанбулаг боомтоор өнөөдөр улсын хилээр нэвтрүүлэх, тусгаарлах ажиллагааг УОК-оос зохион байгууллаа. Тэдний дийлэнх нь ОХУ-д суралцдаг оюутнууд юм.
ОХУ-ын Буриад улсын Засгийн газар манай иргэдийг Эрхүү хотоос Алтанбулаг-Хиагт боомтод дөрвөн автобусаар хүргэжээ. Дээрх иргэдийн 100 гаруй нь Москва, 90 орчим нь Эрхүү, 60 орчим нь Улаан-Үдэд суралцдаг оюутан байна.
Монгол Улсын онцгой комисс ХӨСҮТ-өөс оношлуурын баг явуулж хилийн боомтод ажиллуулсан. Мөн хилийн 0101 дүгээр анги, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид ажиллажээ. Тэдгээр иргэдийн 100 гаруйг нь Дархан-Уул аймагт, үлдсэн иргэдийг Улаанбаатар хотод 21 хоног тусгаарлана. Улаанбаатар хотод тусгаарлах иргэдийг 22.00 цагт тээвэрлэх аж.
Ташрамд дурдахад, өнөөдрийн 21.00 цагийн байдлаар ОХУ-д шинэ коронавирусээр 13 584 хүн өвчилж, 106 хүн амиа алдаж, 1045 хүн эдгэрчээ.