Эмнэлгийн ажилтнууд инээмсэглэсэн зургаа зүүн ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-11 18:59:55

ВАШИНГТОН. /CNN/. COVID-19”-өөр халдварласан хүмүүсийн хувьд эмнэлэгт байх тун хэцүү байгаагаас гадна амны хаалт, бээлий, малгай зэрэг бусад хамгаалалтын хувцас өмссөн эмнэлгийн ажилтнуудыг харахад улам л бэрх санагдаж байгаа нь ойлгомжтой юм.


Үүнийг ажигласан АНУ-ын Калифорни муж улсын Сан-Диего хотын “Scripps Mercy” эмнэлгийн амьсгалын замын өвчний эмч Робертино Родригес өвчтөнүүдээ тайвшруулахын тулд хамгаалалтын хувцсан дээрээ өөрийн инээмсэглэсэн зургийг нэртэйгээ хамт тогтоожээ. Тэрбээр энэхүү санаагаа “Instagram” хуудсандаа нийтлэхэд 30 мянга гаруй “like” цугларчээ.


“Өчигдөр хамгаалалтын хувцастайгаа яаралтай тусламжийн тасаг руу орох үед өвчтөнүүдэд эвгүй санагдаж байгааг би мэдэрсэн. Айсан өвчтөнүүд рүү инээмсэглэх нь тэднийг тайвшрахад тусалдаг. Тиймээс би өнөөдөр хамгаалалтын хувцсан дээрээ зүүх том хэмжээтэй зураг бэлдлээ. Ингэснээр өвчтөнүүд маань тайтгаруулан тайвшруулах инээмсэглэлийг олж харна” гэж тэрбээр нийтэлсэн байна.


Р.Родригесоос эмнэлгийн олон ажилтан санаа авчээ. Лос-Анжелес хотын нэгэн эмнэлгийн сувилагч Дерек Деволт болон түүний хамтран ажиллагсад энэхүү санааг хэрэгжүүлсэн бөгөөд Д.Деволт үүнийг “гайхалтай” санаа гэж тэмдэглэжээ. АНУ-д өнгөрсөн нэгдүгээр сараас хойш “COVID-19” халдварын 500 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 18 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ