Д.Нямхүү: COVID 19-өөр халдварласан 12 өвчтөний биеийн байдал тогтвортой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусээр халдварласан 12 өвчтөний биеийн байдал тогтвортой сайн байна. Өндөр хүчин чадалтай компьютер томографикаар шаардлагатай шинжилгээг авч эмчийн бүрэн хяналтын дор эмчилж байна гэж ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдэгдлээ.
Тэрбээр, “Монгол Улсын хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний 11 цагийн байдлаар хамгийн сүүлд 371 хүнд хийсэн шинэ коронавирусний халдварын шинжилгээний хариу сөрөг буюу “COVID-19” халдвар илрээгүй. Сэлэнгэ аймгийн иргэнээс давтан шинжилгээгээр шинэ коронавирусний халдвар илэрсэн. Энэ хүнтэй ойр байсан 265 хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Одоогоор ХӨСҮТ-д эмчийн хяналтад 203 хүн тусгаарлагдаад байна. Харин шинэ коронавирусээр халдварласан 12 өвчтөний биеийн байдал тогтвортой сайн байна. Бид өндөр хүчин чадалтай компьютер томографикаар шаардлагатай шинжилгээг авч эмчийн бүрэн хяналтын дор эмчилгээгээ явуулж байгаа" гэж мэдээллээ.
Түүнчлэн өнөөдөр монголчууд огт тайвширч болохгүй, иргэн бүр амны хаалтаа зүүж, гарын ариун цэврийг чанд сахиж байх ёстой. БНХАУ-д иргэд нимгэн цайвар бээлий өмсөж халдвараас маш сайн сэргийлж чадсан гэж дүгнэж байгаа. Мөн ихэнх хаалганы бариулыг зэвэрдэггүй хайлшаар хийсэн байдаг нь нян, халдвар түгээх өндөр эрсдэлтэй гэдгийг иргэд онцлон анхаарч гарын ариун цэврийг маш сайн сахихыг зөвлөлөө.