Италид хөл хориог сунгахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-04-10 10:13:54

РОМ. /Reuters/. Италийн Засгийн газар “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд хэрэгжүүлж буй хөл хорионы арга хэмжээгээ ирэх тавдугаар сарын 3 хүртэл сунгахаар төлөвлөж байна гэж тус улсын үйлдвэрчний эвлэлийн эх сурвалжууд пүрэв гарагт “Reuters” агентлагт мэдээлжээ.


Итали дахь ихэнх бизнесийн үйл ажиллагааг зогсоож, иргэдийг нэн шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахыг хориглож буй хөл хориог өнгөрсөн гуравдугаар сарын 9-нөөс тогтоосон бөгөөд уг арга хэмжээний хугацаа энэ сарын 13-нд дуусах юм.


Италид халдварын шинэ тохиолдлууд буурах хандлага үзүүлж байсан боловч сүүлийн хоёр хоногт дахин өссөн нь тархалт хумигдаж байна гэх найдварыг үгүй хийжээ. Италийн үйлдвэрчний эвлэлийн /UIL/ дарга Кармело Барбагаллогийн мэдээлснээр, Ерөнхий сайд түр зогсоосон үйл ажиллагаануудыг өнөөдрийн байдлаар дахин эхлүүлэх боломжгүй байна гэж хэлжээ.



Засгийн газар гуравдугаар сарын 21-нээс нийлүүлэлтийн сүлжээнд шаардлагагүй бизнесүүдийг зогсоосны дараа эдийн засгийн хямрал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс зарим үйл ажиллагааг сэргээхийг аж үйлдвэрийн төлөөлөгчид уриалсаар байгаа юм. Үйлдвэрчний эвлэл болон аж үйлдвэрийн эх сурвалжуудын мэдээлснээр, одоогоор зогсоогоод буй аж үйлдвэрүүдийн үйл ажиллагааг энэ сарын эцсээс өмнө аажмаар сэргээж магадгүй байгаа ажээ.


Италийн Аж үйлдвэрийн ерөнхий конфедерацын Ломбарди, Венето, Пиедмонт, Эмилиа Ромагна муж дахь орон нутгийн салбарууд үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дахин эхлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Хэдийгээр эдгээр мужид халдвар хамгийн их тархсан боловч ийнхүү мэдэгдсэн байна. Италийн эдийн засгийн гарцын 45 хувийг эдгээр муж бүрдүүлдэг юм.  


"Италид коронавирусний халдвар тархсан талаар хоёрдугаар сарын 21-нээс олон нийтэд мэдээлж эхэлснээс хойш 18279 хүн нас барсан" гэж тус улсын Иргэний хамгаалалтын агентлагаас пүрэв гарагт мэдээлжээ. Итали уг үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд халдварын 143626 тохиолдол бүртгэгдсэнээр АНУ, Испанийн араас жагсаж байна. 

Холбоотой мэдээ