АНУ, ОХУ, Саудын Арабын удирдагчид нефтийн асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-04-10 09:15:45

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Америкийн удирдагч Дональд Трамп, Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд нар утсаар ярих үеэрээ нефтийн зах зээлийн байдлыг хэлэлцсэн байна.


“Нефтийн зах зээлийн байдал, түүнчлэн “ОПЕК +” бүлгийн сайд нарын ээлжит бус уулзалтаар хэлэлцсэн асуудлыг, мөн “G20”-ийн эрчим хүчний сайд нарын удахгүй болох видео хурлын талаар хэлэлцлээ” гэж ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна. Гурван улсын удирдагчид мөн нефтийн зах зээлийг тогтворжуулах, үнийн хэлбэлзлийн сөрөг нөлөөллийг багасгахад үйл ажиллагаагаа уялдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.


Владимир Путин болон Саудын Арабын хаантай нефтийн зах зээлийн байдлын талаар "сайхан яриа өрнүүлсэн" гэж Дональд Трамп өмнө нь мэдэгсэн байна. Тэрбээр мөн “ОПЕК+” бүлгийн оролцогчид гэрээ байгуулахад ойрхон байгааг тэмдэглэжээ.


“ОПЕК+” бүлэг нефтийн олборлолтыг бууруулахтай холбоотой шинэ гэрээний нөхцөлийг тохиролцсон гэж “Wall Street Journal” сонин мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, гэрээнд оролцогч талууд ирэх хоёр сарын хугацаанд олборлолтоо өдөрт 10 сая торхоор бууруулахаар төлөвлөж байна. Харин Москва, Эр-Рияд энэ хугацаанд өдөрт 8.8 сая торхоос хэтрэхгүй нефть олборлох ёстой аж.


Гуравдугаар сарын 6-нд “ОПЕК+” буюу Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 11 улс нефтийн олборлолтыг бууруулах гэрээний заалтуудыг өөрчлөх эсвэл уг гэрээг сунгах талаар тохиролцоонд хүрч чадаагүй юм. Үүний улмаас өмнөх эвсэлд оролцогч орнууд олборлолтдоо тавьсан хязгаарлалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс цуцалж, улмаар коронавирусний цар тахалтай зэрэгцэн нефтийн зах зээлд хямрал үүсгэсэн юм.


Холбоотой мэдээ