Дэгийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-08 16:10:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Хуулийн төсөлд онц байдал, дайны байдал, олон улсад хөл хорио тогтоох өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг УИХ цахим хуралдаанаар хэлэлцэх, энэ үед баримтлах дэгийг тусгасан юм. Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, М.Энхболд нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болно” хэмээн өөрчлөх санал гаргасныг олонх дэмжлээ. Уг саналтай уялдуулан "Гамшгийн тухай хуульд “олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийг Засгийн газар тогтооно” гэсэн агуулгатай нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв.


Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 12.2.7 дахь заалтад “Онцгой байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль” гэсэн агуулгатай хэсэг нэмэх болов. Түүнчлэн 21.11 дэх хэсэгт “Онцгой байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлнэ” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэхийг дэмжлээ.


Мөн “Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй бол ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг хялбаршуулан хэлэлцэх талаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болно” гэсэн, мөн “Энэ хуулийн 5.5-д заасан онцгой нөхцөлийн үед чуулганы байршлыг өөрчилж болно” гэсэн агуулгатай хэсгийг тус тус нэмэхээр тогтов. Дээрх хуулийн төслийг маргааш буюу энэ сарын 9-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ