Б.Жонсоны биеийн байдал тогтвортой байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-04-08 13:39:09

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эрчимт эмчилгээний тасагт хоёр дахь өдрөө өнгөрүүлж, коронавирусний эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байна.


Лондон хотын Гэгээн Томасын нэрэмжит эмнэлэгт эмчлүүлж буй Ерөнхий сайдын биеийн байдал “тогтвортой” байна гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Б.Жонсоны үүргийг түр орлон гүйцэтгэж буй Гадаад хэргийн сайд Доминик Рааб Ерөнхий сайдыг эдгэрнэ гэдэгт “итгэлтэй” байгаагаа илэрхийлээд, түүнийг “дайчин” хүн хэмээн тодорхойлжээ.


Д.Раабын мэдээлснээр, Ерөнхий сайд хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэрбээр ямар нэгэн нэмэлт төхөөрөмжгүйгээр хэвийн амьсгалж байгаа ажээ. Хатан хаан Элизавета тэргүүтэй дэлхийн удирдагчид түүнд хурдан эдгэхийг ерөөсөн юм.


Өдгөө 55 настай Б.Жонсонд халдварын шинж тэмдгүүд илэрсэн хэвээр байсан тул Лондон хотын эмнэлэгт өнгөрсөн ням гарагт хүргэгдэж, үүнээс нэг өдрийн дараа эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн юм. Их Британид сүүлийн мэдээллээр коронавирусний халдварын 55249 тохиолдол бүртгэгдэж, 6159 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ