Импортын хүнсний ногооны гаалийн татварыг нэмэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-04-07 12:22:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар импортоор авч буй хүнсний ногооны гаалийн татварыг 30 хувьд хүргэх хуулийн төсөл өргөн мэдүүлжээ.


Монгол Улс нийт хүнсний ногооны хэрэгцээнийхээ 40 хувийг дотоодоосоо хангаж буй юм. Үлдсэн 60 хувийг импортоор авдаг гэдгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ онцлов.


Тэрбээр, “Дэлхий нийтэд 70-80 төрлийн химийн элементийг газар тариаланд ашигладгаас Монгол Улс 4-5-ийг нь л илрүүлэх боломжтой гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан хэлдэг. Тодруулбал, хилийн боомтоор чанарын баталгаагүй, химийн хортой хүнсний ногоо орж ирдэг гэсэн үг. Тиймээс гаалийн албан татварыг нэмэх нь чанаргүй хүнсний бүтээгдэхүүн орж ирэхээс сэргийлэх алхам” хэмээв.


Монгол 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ хүнсний ногооны гаалийн албан татварын дээд хэмжээг 20 хувь байхаар тогтоосон бодлогын том алдаа гэдгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат дурдлаа. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн ОХУ импортын хүнсний ногооноос 40-50 хувь, БНХАУ 60 хүртэлх хувийн татвар авдаг байна.

Холбоотой мэдээ