Хууль бусаар ашигт малтмал олборлосон 29 иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-04-07 12:13:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын зааг нутагт хууль бусаар ашигт малтмалын олборлолт хийж байсан үйлдлийг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид үйлдэл дээр нь таслан зогсоож, холбогдох этгээдүүдэд хэрэг үүсгэн шалгаж байна.

Тодруулбал,  2020 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө тус аймгийн Эрдэнэцагаан сумын зургаадугаар багийн нутагт иргэд алтны агуулгатай чулуу хууль бусаар олборлож байна гэсэн дуудлага аймгийн Цагдаагийн газарт иржээ. Цагдаагийн газрын шуурхай бүлэг газар дээр нь очиж ажиллан, Улаанбаатар хот болон бусад аймгийн иргэд зөвшөөрөлгүйгээр  техникийн хүчээр газрын хөрсийг хуулж, ашигт малтмал олборлож байсныг таслан зогсоожээ. Улмаар тухайн газар нутгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг хамгаалалтад аваад байсан ч 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө улсын дугааргүй, наймаас есөн тээврийн хэрэгсэлтэй 20 гаруй иргэн тус газар руу хүч түрэн дайрч, мөн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборложээ. Энэ талаар дахин дуудлага ирсний дагуу хоёр шуурхай бүлэг очин зогсоож, тухайн иргэдийг саатуулан шалгаж эхэлжээ.

Одоогоор аймгийн Цагдаагийн газарт долоон бүлгийн, долоон тээврийн хэрэгсэл, 29 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Газрын хэвлийд хууль бусаар халдаж, ашигт малтмал эрж хайсан, зөвшөөрөлгүйгээр байгалийн баялгийг олборлосон тохиолдолд шууд гэмт хэргийн бүрэлдэхүүн болдог. Ийм тохиолдолд эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24-2-т  зааснаар 5,4 - 27 сая төгрөгөөр торгох, эсвэл  1-5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Тэгэхээр дээрх иргэдэд бүгдэд нь хуулийн дагуу хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн, шалгах хугацаандаа үргэлжилж байна.

Иргэдийн дунд Сүхбаатар аймагт алт илэрлээ гэх явган яриа, худал мэдээлэл хэдийн тархсан байгаа. Үүнтэй холбоотойгоор гадны иргэд асууж судлах, олон төрлийн багаж зэвсэгтэй ирж хайгуул хийх явдал цаашид гарч болзошгүй. Тиймээс иргэд эдгээр иргэдэд нутгаа зааж өгөх, тэдэнтэй нийлж газрын хэвлийд халдах зэрэг хууль бус үйлдэл хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа П.Лувсандорж хэллээ.

Холбоотой мэдээ