БНСУ-д хоёр өдөр дараалан 50-аас цөөн шинэ тохиолдол бүртгэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-07 11:34:50

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр өдөр дараалан 50-аас доош тоонд хүрч буурсан хэдий ч эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд сонор сэрэмжээ алдахгүй байхыг уриалжээ.


БНСУ-д сүүлийн гурван долоо хоног гаруйн хугацаанд өдөрт 100 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа боловч сүмүүд, эмнэлгүүдэд шинэ голомт үүсэж болзошгүй байгаагийн зэрэгцээ зөөвөрлөгдөн ирэх тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаа тул холбогдох албаны төлөөлөгчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан хэвээр байгаа юм.


Даваа гарагт халдварын 47 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 10331 болсон гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Өнгөрсөн ням гарагт мөн 47 тохиолдол бүртгэгдсэн юм. Түүнчлэн даваа гаргийн байдлаар халдварын улмаас 192 хүн нас барсан бол нийт 6694 хүн эдгэрчээ.


Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Ён Тэ Хо, энэ долоо хоногийн өдөр тутмын үзүүлэлт “нааштай” байгаа хэдий ч зайнаас харилцах дүрмээ үргэлжлүүлэн баримтлах хэрэгтэй гэж мэдэгджээ. Халдвар хамгийн их тархсан Дэгү хот, Умард Гёнсан мужид 13, нэг шинэ тохиолдол бүртгэгдсэнээр Дэгүд 6794, Умард Гёнсанд 1317 хүн халдвар авсан байна.


Мөн хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд дээр 14 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр зөөвөрлөгдөн ирсэн нийт тохиолдлын тоо 802-т хүрчээ. Өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоог 50-аас бага байлгахыг эрмэлзэж буй БНСУ-д зайнаас харилцах хатуу дүрмийн хугацааг энэ сарын 19 хүртэл сунгасан байна. Тус улсад өнөөдрийн байдлаар нийт 477304 хүнийг шинжилгээнд хамруулжээ. 

Холбоотой мэдээ