Онцгойгийн алба хаагч ажлаа хийж яваад осолджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-04-06 17:03:09


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй З Хөвсгөл нууранд хяналт хийж яваад машинтайгаа нуурын мөсөнд цөмөрч амиа алджээ.

Тэрбээр энэ сарын 3-нд 23:00 цагийн орчим хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болжээ. Түүнийг эрэн хайх явцад “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрсэн тул тухайн газар 4 удаагийн гүний шумбалтыг хийж, 25 метрийн гүнд унаж явсан автомашиныг, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж татаж гарган, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. 

Тус аймгийн хэмжээнд Хөвсгөл нуураар зорчихыг хориглосон боловч иргэд зорчсоор байгаа тул Хатгал тосгон дахь Цагдаагийн тасаг, Онцгой байдлын гал унтраах 69 дүгээр анги, Улсын тусгай хамгаалалттай газрын хяналтын захиргаа, Захирагчийн алба хамтран 3 дугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 30-ны өдөр хүртэл хяналт шалгалтын постод үүрэг гүйцэтгэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, баталгаат бус замаар зорчихгүй байхыг сануулж санамж сэрэмжлүүлэг өгч ажиллаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ