Их Британийн хатан хаан ард түмэндээ хандан үг хэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-06 08:45:49

ЛОНДОН. /BBC/. “Их Британи коронавирусний эсрэг тэмцэлд ялах болно” гэж хатан хаан Элизавета ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгдлээ.


Хатан хаан гэртээ байх дүрмийг баримталж буй хүмүүст талархал илэрхийлээд, бусдадаа туслахад гар бие оролцож буй хүмүүсийг сайшаажээ. Түүнчлэн тэрбээр гол үүрэг гүйцэтгэж буй ажилтнуудад мөн талархаж буйгаа илэрхийлжээ.


Их Британид халдварын улмаас нас барсан хүний тоо 4934-т хүрсний дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна.


Хатан хаан Виндсор цайзаас үг хэлэх үеэрээ, бид өмнө нь янз бүрийн сорилтуудтай тулгарч байсан боловч энэ нь тэдгээрээс өөр байгааг онцолжээ. “Бид энэ удаад дэлхийн бүх улс оронтой нийтлэг зорилгоор нэгдэж байна" гэж тэрбээр хэлжээ.


“Бид тэсвэр тэвчээртэй, тайван байх хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ дахин уулзах сайхан цаг ирэх болно. Бид дахин уулзах болно” гэж өдгөө 93 настай хатан хаан нэмж хэлжээ. Гэр бүлийнхнээсээ тусгаарлагдсан нь дэлхийн II дайны үеэр нүүлгэн шилжүүлэгдэж, хайртай хүмүүсээсээ хол байсан үеийг нь санагдуулж байгааг тэрбээр мөн ярьсан байна.


Хатан хаан Элизавета хаан ширээнд 68 жилийн өмнө заларснаасаа хойш ард түмэндээ хандан тав дахь удаагаа үг хэлж буй нь энэ бөгөөд тэрбээр 1991, 1997, 2002, 2012 онд тус тус үг хэлж байжээ. 

Холбоотой мэдээ