Кеннедийн гэр бүлийн хоёр гишүүнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-04-05 11:36:24

МОСКВА. /RIA Novosti/. Аврах албаныхан сенатч Роберт Кеннедийн ач охин Мейв болон түүний найман настай хүү Гидеон Жозеф Кеннеди Маккинийг эрэн хайх ажиллагааг зогсоож, тэднийг усанд осолдож амь насаа алдсан хэмээн үзэж байна гэж “USA Today” сонин мэдээлжээ.  


Тэд пүрэв гарагт завиар явж байгаад сураггүй алга болсон юм. Эрэн хайх-аврах ажиллагааг пүрэв гаргийн оройноос эхлэн есөн мянга гаруй хавтгай дөрвөлжин километр талбайд 26 цагийн турш явуулжээ. Гэвч эрэл хайгуулын ажил үр дүнд хүрээгүй тул аврах албаныхан ажиллагааг зогсоохоор шийдсэн байна. Мейв Кеннеди болон түүний хүүг хамгийн сүүлд харсан газраас хэдэн милийн зайтай газарт хөмөрсөн завь олдсон тухай өмнө нь мэдээлжээ. Мэйв Кеннедийн нөхөр Дэвид Маккин мөн эмгэнэлт явдал болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн байна. 


Өдгөө 40 настай Мейв Кеннеди Таунсенд Маккин пүрэв гарагт хүүтэйгээ хамт Чесапикийн буланд завиар явж байгаад сураггүй болсон тухай баасан гарагт мэдээлсэн байна. Дэвид Маккиний хэлснээр, далайн эрэг дээрх байшиндаа амрах үеэр хүүхдүүд нь хашаандаа бөмбөг тоглож байгаад бөмбөгөө ус руу өнхрүүлжээ. Эхнэр, хүү хоёр нь бөмбөгийг авахын тулд завь авч явсан байна. Тэд хэт хол явж, буцаж ирж чадаагүй болов уу гэж Маккин үзэж байгаа аж.


Мейв Кеннеди нь АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн дүү Роберт Кеннедийн ач охин юм.


Холбоотой мэдээ