Нийслэлийн агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 60 хувиар багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-04-02 14:26:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 2019-2020 оны өвөл 60 хувиар багасжээ. Үүнийг Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцуулах ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.


Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, хяналт тавихад онцгой байдлын 895 алба Нийслэлийн шуурхай штабт, 5370 алба хаагч төвийн зургаан дүүргийн штабт ажилласан байна. Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Алба хаагчид өнгөрсөн өвөл 976 өрхийн 25 559 иргэнээс угаарын хийн дуудлага мэдээлэл авч эмнэлгийн зөвлөмж үйлчилгээ болон сэрэмжлүүлэг хүргэсэн. Мөн 56 удаа хэвлэлийн бага хурал хийж, угаарын хийн хордлогын нөхцөл байдал, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар олон нийтэд танилцуулсан байна" гэлээ.


НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, “Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК-д тогтмол хяналт шалгалт хийсэн. Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоо, агаарын чанарыг сайжруулах бүсийн 154 хороонд хяналт тавилаа. Шахмал түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын агуулах, 390 борлуулалтын цэгт 417 улсын байцаагч түлшний нөөц, тээвэрлэлт, хадгалалт, картаар борлуулж байгаа эсэхэд хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад мэдээлэл хүргүүлж, шийдвэрлүүлж байсан. Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлэн 198.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн, 26 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна" гэв.


Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч үр дүнд хүрээгүй. Харин түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар 2019-2020 оны өвөл агаар дахь тоосонцрын агууламж өнгөрсөн жилүүдээс 60 орчим хувиар буурсан сайн үзүүлэлттэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ