"Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-04-02 13:41:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл” байгуулав.


Уг зөвлөлийг ШУА-ийн ерөнхийлөгч, академич, доктор, профессор Д.Рэгдэл даргалах бол гишүүнээр Философийн хүрээлэнгийн зөвлөх, доктор, профессор А.Цанжид, СГЗ, доктор профессор Л.Дашням,  Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, ШУА-ийн Түүх угсаатны зүйн  хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор профессор Г.Мягмарсамбууг томилжээ. Мөн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Цогтбаатар, Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор Б.Баатархүү, ИЗИС-ийн захирал, доктор, профессор Н.Ням-Осор, УДЭТ-ын ерөнхий  найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Бурханч лам, доктор Г.Пүрэвбат  нар ажиллана.



Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан Засгийн газраас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, Чингис хаан музейг байгуулах ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо. Музейг чанартай, өргөн утга агуулгатай, үндэсний үнэт өв болгох, дэлхийн хэмжээнд Чингис хааныг төдийгүй, Монгол Улсынхаа үүх түүхийг сурталчлан таниулах, иргэдийнхээ шүтээн болохуйц үнэ цэнэтэй давтагдашгүй жишиг болгохын төлөө хичээн ажиллахыг үүрэг болгосон юм.

Холбоотой мэдээ