Иргэдийн гомдлын мөрөөр эрчим хүчний байгууллагад шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-03-31 20:33:20

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хороо иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр “ЭБЦТС” ТӨХК-ийн Булган аймаг дахь салбарт шалгалт хийлээ.

          Аймгийн ИТХ-д эрчим хүчний байгууллагын үйлчилгээний талаар Баяннуур, Булган, Хутаг-Өндөр сумын ИТХ болон зарим иргэнээс гомдол мэдээлэл, аймгийн ҮЭХ-ноос албан шаардлага ирүүлсэн байна.

Эрчим хүч борлуулсны төлбөрийн үнэ тарифын талаарх өөрчлөлтийн талаар ард иргэдэд тухай бүр мэдээлэх, цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр төлөх хуваарийг иргэд, байгууллагын санал хүсэлт, боломжит нөхцөлийг судалж шийдвэрлэх, цахилгаан хязгаарлах давуу эрхээ түлхүү ашиглах хандлагаа өөрчлөх, ажилтнуудын зан харилцаа болон үйлчилгээний соёлд сургах зайлшгүй шаардлага үүссэн байна гэж ИТХ-ын шалгалтын ажлын хэсэг үзсэн байна.

          Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шалгалтын дүнг хэлэлцээд иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчний хангамж, үйлчилгээг сайжруулах зорилгоор орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтын саналыг “ЭБЦТС” компанийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулах, иргэдээс цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр төлөх графикт хугацааг тэдний саналд тулгуурлан өөрчлөх талаар “ЭБЦТС” ТӨХК-тай хамтран ажиллах, гэрээ байгуулж ажиллахыг Аймгийн Засаг даргад даалгалаа.

         “ЭБЦТС” ТӨХК-ийн Булган аймаг дахь салбарын захирал Л.Оргилд үйлчилгээний соёл, ажилтнуудын зан харилцаанд анхаарч тодорхой ажил зохион байгуулж үр дүнг тооцох, жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг аймгийн удирдагын саналыг авч тусгаж ажиллахад анхаарах, иргэн, аж ахуй нэгжтэй байгуулж байгаа гэрээний нөхцөлд аль нэг талд давуу эрхийг бий болгохгүй байхад анхаарч ажиллах чиглэлийг өгөөд байна. Эрчим хүчний байгууллагад шалгалт хийх хугацаанд аймгийн ИТХ-ын ажлын албанаас иргэдийн өргөдөл гомдлыг авахад нийт 44 гомдол ирсэн байна. Уг гомдол мэдээллийн 60 хувь нь цахилгааны үнэ өндөр, иргэд тоолуурын заалтаа хянах боломжгүй, цахилгааны төлбөр дээр нэмэлт хураамж авдаг, 25 хувь нь эрчим хүчний байцаагчдын харилцаа хандлага хангалтгүй, 15 хувь нь үйлчилгээний тайлан, мэдээлэл иргэдэд хүрэхгүй байгаа талаар дурджээ.

          “ЭБЦТС” ТӨХК-ийн Булган аймаг дахь салбар Булган, Хөвсгөл, Архангай аймгийн 20 сум болон суурин газрыг эрчим хүчээр хангаж, нийтдээ 13740 хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээдэг юм.

Холбоотой мэдээ