Швед НАТО-д элсэх хүсэлт гаргаагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-29 15:42:15

МОСКВА. /Kommersant/. Швед улс Умард Атлантын эвсэлд нэгдэх хүсэлт гаргаагүй гэж НАТО-гийн төлөөлөгч мэдээлжээ.

“Швед улс НАТО-д гишүүнээр элсэх хүсэлт гаргаагүй. Гэхдээ тус улс бол эвслийн хамгийн идэвхтэй түншүүдийн нэг юм. Бид НҮБ-ын мандат, НАТО-гийн удирдлага дор Косово, Афганистан зэрэг улсад явуулсан ажиллагаанд Швед улстай мөр зэрэгцэн оролцсон. НАТО болон Швед улсын аюулгүй байдлыг хангаж буй хамтын ажиллагаагаа бид өндрөөр үнэлдэг” гэж НАТО-гийн төлөөлөгч онцлон хэлсэн байна.

Түүний хэлснээр “тусгаар тогтносон аль ч улс орон ямар гэрээ хэлцэл, ямар холбоонд нэгдэхээ сонгох эрхтэй”. “НАТО-д гишүүнээр элсэх нөхцлийг Вашингтоны гэрээнд заасан байдаг. НАТО-гийн зарчимд тус дөхөм үзүүлэх боломжтой Европын ямар ч улс орон тус эвсэлд нэгдэхэд нээлттэй гэж уг гэрээнд заасан байдаг. Швед улсын хувьд, НАТО-г зорилгоо биелүүлэхэд нь улс төрийн болон цэргийн талаар хувь нэмрээ оруулах боломжоо харуулсан хэрэг болно” гэж эвслийн төлөөлөгч мэдэгджээ.

Хэрэв Швед улс НАТО-д элсвэл ОХУ хариу арга хэмжээ авах эрхтэй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна. “Хэрэв Швед НАТО-д нэгдэхээр шийдсэн тохиолдолд шведүүд бидэн рүү халдана гэсэн бодол бидэнд төрөхгүй. Гэхдээ энэ нөхцөлд байдалд Шведийн цэргийн дэд бүтэц НАТО-гийн Дээд командлалын мэдэлд очих учраас бид мэдээж хэрэг хойд хил дээрээ цэрэг-техникийн чанартай арга хэмжээ авахаас аргагүйд хүрнэ” гэж Лавров ярьжээ. 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ