Иргэдийн оролцоотойгоор биологийн төрөл зүйлийг хамгаална

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-30 13:29:40

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төсөл хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газартай байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” (KFW) төсөл хэрэгжүүлж буй.

Энэхүү төсөлд Ховд аймгийн 17 сумыг хамруулахаар болж, 2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Германы Сэргээн босголтын зээлийн банкны төслийн менежер Нина Отто, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. 

Тэгвэл ирэх 2027 оны хоёрдугаар сар хүртэл зургаан жилийн хугацаанд, нийт 32.5 сая евро буюу 90 тэрбум гаруй төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх  тус төслийн үйл ажиллагаа Ховд аймагт албан ёсоор эхэллээ.   

Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр тус төслийн олон улсын ахлах зөвлөх Хартмут Аббергерээр ахлуусан ажлын хэсэг Ховд аймагт ажилласан.

Энэ үеэр орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудал, талуудын үүрэг хариуцлагын тухай санал солилцов. 

Төслийн зорилго нь тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэхэд чиглэж байна. 

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг  Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймагт нийт 50 сумыг 5 кластер бүс нутагт хамруулж хэрэгжүүлнэ.

Тухайлбал, төслийн хоёрдугаар кластерт Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Мөст, Цэцэг, Мөнххайрхан, Дуут, Ховд сум багтаж буй.  

Харин дөрөвдүгээр кластерт Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Манхан, Жаргалант сум тус тус багтаж байна.

Мөн гуравдугаар кластерт Ховд сум, тавдугаар кластерт Булган, Алтай, Үенч сум давхцан багтаж байгаа аж.

Цаашид тухайн бүс нутгийн иргэдийн байгаль орчинтой дасан зохицох чадварыг бэхжүүлж, биологийн төрөл зүйлийг хамгаалуулах замаар амьжиргааг нь дээшлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Холбоотой мэдээ