Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Сонгинохайрхан дүүрэгт ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр ажиллаж, цагдаагийн хяналтын цэгтэй танилцлаа.
Гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг аливаа
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хархорин” худалдааны
төв болон Саппорогийн автобусны буудалд цагдаагийн хяналтын цэг байршуулсан юм.
Тухайн цэгүүдийг байршуулснаар нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс худалдаа
эрхлэх зөрчил арилж, согтуугийн улмаас үйлдэлтэй гэмт хэрэг, халаасны хулгайн
хэргийн гаралт буурсныг цагдаагийн албан хаагчид хэлж байв.
Мөн үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва шинэ төрлийн
коронавируст халдвараас сэргийлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажилтай танилцав.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын газар,
Цагдаагийн хэлтсийн албан хаагчид 24 цагаар ажиллаж, гудамж талбайг ариутган,
иргэдэд заавар зөвлөгөө өгч байгаа аж. Түүнчлэн дүүргийн Онцгой комиссоос
иргэдэд амны хаалт тарааж, заавар зөвлөмж тогтмол өгдөг болохыг оршин суугчид
хэлэв. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва онцгой нөхцөлд иргэдийн эрүүл мэнд,
аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа
хэллээ гэж Нийслэлийн ИТХ-ын ХМХОНХТ мэдээлэв.