Бичигт, Баянхошууны боомтоор экспорт хийх бэлтгэл хангагдаагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-27 22:06:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор БНХАУ руу газрын тос, жонш, нүүрс тээвэрлэж экспортод гаргадаг. Гэвч одоогоор экспортын тээвэр хийхэд бэлтгэл хангагдаагүй байна. 

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр дээрх боомтуудын ажилтай танилцав. Дээрх боомтуудад ариутгалын пункт барьж, тээвэрлэлтийг эхлүүлэх хүсэлтийг "Петрочайна Дачин Тамсаг" компани УОК-т тавьсан юм. Газар дээр нь танилцахад боомтуудад ариутгалын пунктын шүрших хэсгийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учир бэлтгэл ажлыг бүрэн хангаж дууссан үед экспортыг эхлүүлэх үүрэг өглөө.

Экспортын тээвэр эхлэх үед жолооч нар БНХАУ-ын хилийн боомтоор нэвтрэлгүй, хилийн дундын бүс дээр жолоогоо солин Хятадын талд хүлээлгэн өгч байхаар зохицуулах юм байна. Нэг ёсондоо жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс БНХАУ-ын талд хонохгүй өдөртөө багтаж орж ирэх шаардлага тавьжээ.


Бичигтийн боомтоор өдөртөө 40-50 машин газрын тос, 20-30 машин нүүрс, 20-30 машин хүдрийн баяжмал болон 5-10 машин жонш экспортод гаргахаар төлөвлөжээ. 

Экспортын тээврийн хэрэгслийг бүрэн ариутгалд хамруулах үүднээс шаардлага хангасан ариутгалын пункт барихыг орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар "Петрочайна Дачин Тамсаг" компанид өмнө нь тавьжээ. Ажлын хэсэг нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад Баянхошуу, Бичигтийн боомтоор эрдэс баялгийн экспорт эхлүүлэхэд бэлэн биш гэж дүгнэн, үүрэг чиглэл өгөөд байна. 


Холбоотой мэдээ