Тусгай нислэгээр ирсэн 100 хүнээс шинжилгээ авах үлдээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-27 11:33:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвартай иргэдийн биеийн байдал хэвийн байна. Тэдгээрийн ойрын хавьтлын 71 хүний давтан шинжилгээнэс шинэ коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр танилцуулав.


Монгол  Улсын Засгийн газар хилийн чанадад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай мянга орчим иргэнээ тусгай нислэгээр эх оронд нь татсан. Тэдгээр иргэдээс шинэ коронавирусний халдвар илэрсэн 10, мөн Франц улсын нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна. Тусгай нислэгээр ирсэн иргэдээс үе шаттай шинжилгээ авч байгаа бөгөөд одоогоор 100 гаруй хүнд шинжилгээ хийх үлдээд байгаа аж. Тандалт, тусгаарлалтыг нягт, чамбай хийж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллийн үеэр онцоллоо.


ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар халдварын сэжигтэй 208 хүнийг тусгаарлаад байна. Харин улсын хэмжээнд 3633 иргэнийг ажиглалтад авснаас 2216 иргэн тусгаарлалтад байгаа юм. Алтанбулаг боомтоор орж ирсэн монгол иргэдээ Төв аймгийн Батсүмбэр сумын Баянбуурал амралтад тусгаарлаад байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.


Тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгахын сацуу иргэн тус бүрийг нэг нэгээр нь байлгах УОК-ын шийдвэр өчигдөр гарсан. Мөн тусгай нислэгээр ирэх иргэд тухайн улс орондоо шинэ коронавирусний шинжилгээнд орж хариу нь сөрөг гарсан байх, халдварын шинж тэмдэг илэрсэн бол онгоцонд суулгахгүй гэсэн шаардлага тавихаар болжээ. Иргэд онгоцонд суухдаа нэг удаагийн бээлий, амны хаалттай байх ёстойг санууллаа. Тусгай үүргийн онгоцонд түргэн оношлуур бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээний баг ажиллаж, зорчигчдийн халууныг хоёр цаг тутамд хэмжих юм байна. Хэрвээ сэжигтэй тохиолдол илэрвэл хамгийн арын суудалд тусгаарлаж, онгоц газардсан даруй ХӨСҮТ-д хүргэх юм. 


Холбоотой мэдээ