Орон нутгийн хөгжлийн сангийн 164.8 сая төгрөгийг иргэдийн саналаар зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-26 20:19:21

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сум өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилсан 182 сая төгрөгөөр багагүй бүтээн байгуулалтыг хийжээ.

Тухайлбал худалдааны гудамжны хайсны үлдэгдэл хэсгийг шинэчлэх ажлыг 20 сая төгрөгөөр, Дархан-Уул багт 10 сая төгрөгөөр 1.4 километр газарт гэрэлтүүлэг хийжээ. Мөн Баян-Улаан багийн төвийг нүүлгэж барилгыг шинээр барих ажилд 10 сая төгрөгийг зарцуулсан байна.

Сумынхаа Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад 12.5 сая төгрөгийг зарцуулсан гээд бодит ажлуудыг хийжээ. Энэ онд орон нутгийн хөгжлийн санд 164.8 сая төгрөг батлагджээ. Тус хөрөнгийг иргэдийнхээ саналд тулгуурлан зарцуулдгаараа онцлогтой. Тухайлбал орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд чухал шаардлгатай байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулдаг гэсэн үг юм. Энэ онд иргэдээс авсан саналуудыг эрэмбэлэн олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Харин тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтыг хийсэн байна. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Марзын рашааны машин техник явахад хүндрэлтэй замуудыг засварлаж улсын комисс хүлээж авсан байна. Мөн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн хэлтсийн шинэ байрыг барьж ашиглалтад оруулжээ. Түүнчлэн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхэд, залуучууд, хөгшид чөлөөт цагаа өнгөрүүлэх “Нийтийн биеийн тамир спортын талбай”-тай боллоо.

Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 640 хүүхдийн хичээлийн барилгын ажил 2019 онд эхэлсэн, 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Сургуулийн хичээлийн барилга нь улсын төсвийн 4.8 тэрбум төгрөгийн өртгөөр барьж байгаа хэмээн ЗДТГ-аас мэдээлэв.

 Боловсролын салбарт томоохон

бүтээн байгуулалт хийнэ

Энэ онд Тосонцэнгэл суманд боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон барилгуудын ажил дуусаж, зарим барилгын ажил эхэлнэ.

Тухайлбал ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 640 хүүхдийн хичээлийн барилгын ажил дуусаж ашиглалтад орно. Улсын төсвөөр барих 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын ажил эхэлнэ. Марзын рашаан хүртэл цахилгаан эрчим хүч татах гээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд цөөнгүй бий.

Мөн аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 300 сая төгрөг, сумын орон нутгийн төсвөөс 180 сая төгрөгийн хөрөнгөөр зургаадугаар цэцэрлэгийн барилгыг худалдан авч, дотоод тохижилтыг өөрсдийн боломжоор бүрдүүлэн, үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо. Японы “Өвсний үндэс” төслийн санхүүжилтээр сумын Нэгдсэн эмнэлэгт 200 сая төгрөгийн их засварын ажлыг хийнэ. Боловсролын салбар тэр дундаа сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчлэн барих зайлшгүй шаардлагатай байсан. Учир нь эдгээр барилгууд насжилтын хугацаа нь дууссан, хүүхдүүд хичээллэхэд стандарт хангахааргүй барилгууд юм. Дээрх барилгууд ашиглалтад орсноор хүүхдүүд тохь тухтай орчинд суралцах боломжтой болно хэмээн сумын ЗДТГ-аас нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ