Сурагчдын 69 хувь нь теле хичээлээ үзэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-26 16:08:46

Ховд /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоосон.  

Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг хуваарийн дагуу телевизээр зааж байгаа.

Сурагчдын цахим хичээлд хамрагдаж буй нөхцөл байдлын талаар Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас судалгаа гаргажээ.

Тодруулбал, эхний долоо хоногийн байдлаар нийт сурагчдын 72 хувь нь телевизээр хичээлээ үзэж байсан.

Улмаар 14 хоногийн дараа судлахад сурагчдын 86 хувь нь теле хичээлд хамрагдаж байжээ.

Тэгвэл одоогийн байдлаар Ховд аймгийн нийт сурагчдын 69 хувь нь телевизээр хичээлээ үзэж байгаа гэсэн судалгааг амйгийн БСУГ-аас гаргасан байна.

Телевизээр хичээлээ үзэж байгаа сурагчдын тоо буурсан нь олон шалтгаантай. Тухайлбал, хөдөө орон нутагт мал төллөлтийн ажил эхэлсэн. Зарим сурагчид хичээлийг давтан үзэхээс уйдсан гэх мэт шалтгаан байна гэж албаны эх сурвалж хэллээ. 

Аймгийн Боловсрол соёл урлагийн газраас 17 сумын ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтнуудыг оролцуулсан цахим хурлыг үе шаттай зохион байгуулж буй. Хурлын үеэр сурагчдыг идэвхжүүлэх, теле хичээлээр дамжуулан агуулгыг оновчтой нөхөхөд дэмжлэг үзүүлэх, багш сурагчдын уялдаа холбоог сайжруулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгосон аж.  

 

Холбоотой мэдээ