УИХ-ын хаврын чуулганыг цахимаар зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-26 10:01:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар зохион байгуулах шийдвэр гаргажээ.


Хаврын ээлжит чуулган хуулийн дагуу ирэх сарын 6-нд эхлэх бөгөөд УИХ-ын Тамгын газар цахимаар хуралдах бэлтгэлийг хангаж байна. Тодруулбал, чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, нэгдсэн хуралдаан болон байнгын хороо, ажлын багийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна УИХ-ын гишүүдийг зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цуглуулахгүй байхаар зохион байгуулах юм. Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа юм.


Ташрамд дурдахад, "COVID-19" халдвартай холбогдуулан гадаад орнуудын парламент хуралдааны тоогоо багасгах, хойшлуулах, цахимаар хуралдах зэрэг шийдвэр гаргаж эхэлсэн. Тухайлбал, Европын парламент байршлаа өөрчилж Францын Страсбург хотоос Бельгийн Брюссель рүү шилжиж байгаа бөгөөд энэ сарын 26-нд болох хуралдаанаа зайнаас явуулж, цахим шуудангаар санал хураалт хийхээр шийдвэрлэсэн байна. ХБНГУ, Австрали, Норвеги, Итали, Их Британи, Голланд, Шинэ Зеланд, Польш, Эстонийн парламентууд хуульдаа өөрчлөлт оруулж, онцгой нөхцөлд хуралдах шинэ дэг бий болгох, тодорхой хязгаарлалт тогтоох горимоор ажиллаж байгаа бол БНХАУ, Иран, Испани, Франц, Канад, Филиппин, ӨАБНУ зэрэг орнууд хуралдаанаа хойшлуулах буюу түр зогсоогоод байна.           

Холбоотой мэдээ