Зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнс, эрүүл ахуй, боловсролын багц түгээв

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-03-25 16:40:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хөл хорионд буй бага насны хүүхдүүдийн гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн судалгаанд 24 цагийн цэцэрлэгийн 1700 хүүхдийг хамруулжээ.

Судалгаагаар 2-5 насны нийт хүүхдийн 17.1 хувь нь хоол тэжээлийн, 14.2 хувь нь хамгааллын, 25.8 хувь нь аюулгүй байдлын дунд буюу өндөр эрсдэлтэй гарчээ. Судалгааг үндэслэн зорилтот бүлгийн 1150 хүүхэд, тэдний гэр бүлд коронавирусээс хамгаалах “Цэвэр гар” аяныг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Солонгосын Хүүхдийн сан, ПИН ТББ хамтран зохион байгуулжээ.

Аяны хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 81 цэцэрлэгийн 1150 хүүхдийн гэр бүлд сайжруулсан гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос, хүүхдийн будаа зэрэг хоол хүнс, шүдний оо, шүдний сойз, гарын саван, угаалгын саван гэх мэт эрүүл ахуйн, эвлүүлдэг тоглоом, буддаг ном, өнгийн харандаа, зургийн дэвтэр, харандаа зэрэг боловсролын багцыг тусламж болгон бэлтгэсэн байна. Эдгээр багцыг ПИН ТББ, Дэлхийн зөн ОУБ, Нийслэлийн цэцэрлэгүүдийн зарим албан хаагч, Улаан загалмайн сайн дурын ажилтнуудын тусламжтай хүргэжээ.



Холбоотой мэдээ