Анх удаа “Алтан гагнуур-2016” тэмцээнийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 11:24:42

Гагнуурчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа “Алтан гагнуур-2016” нэрийн дор Өмнөговь аймаг дахь Даланзадгад дулааны цахилгаан станцаас зохион байгуулсан байна.

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын гагнуурчдын дунд энэхүү арга хэмжээг явуулсан юм. Тус арга хэмжээ нь гагнуурчдын ур чадварыг дээшлүүлэх, гагнуурын ажил үйлчилгээний чанарын стандартыг хэрэгжүүлж хэвшүүлэх, урамшуулан дэмжих, ур чадварын түвшинг олон улсын жишигт ойртуулах зорилготой байв.  Тэмцээнд 9 байгууллагын 15 гагнуурчин гурван төрлөөр өрсөлдөж Даланзадгадын дулааны цахилгаан станцын гагнуурчин М.Эрдэнэбаяр ур чадвараараа манлайлж нэгдүгээр байрт шалгарсан байна.

Дулаан хангамжийн газрын гагнуурчин Д.Болд хоёрдугаар байрт шалгарч, гагнуурчин Бат-Отгон удаалсан аж. Тус тэмцээний шүүгчээр Монгол улсын металл судлал, гагнуурын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Нямсүрэн ажилласан юм. Энэ үеэр таван гагнуурчин зэрэглэл нэмсэн үнэмлэх гардсан байна.

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд аймгийн аварга шалгаруулах гагнуурчдын тэмцээнийг зохион байгуулж буй анхдагч аймаг болж байгааг зохион байгуулагчид онцолж байсан юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ