АНУ-ын Засгийн газар коронавирустэй тэмцэхэд зориулан 3.3 тэрбум төгрөг хандивлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-24 11:18:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Засгийн газраас  эмнэлгийн анхан шатны тусламжийг сайжруулах, “COVID-19” халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулахад зориулж Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөг хандивлаж буйг өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр мэдэгдлээ.

 

АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдэлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулах юм байна.


АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески хэлэхдээ, “АНУ-ын Засгийн газраас “COVID-19” халдварын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байгааг би энд зарлаж байна. “COVID-19” халдвар хүн бүрийн санааг зовоож байна. АНУ зөвхөн дотооддоо төдийгүй дэлхий дахинд “COVID-19” халдварыг хазаарлан барихын тулд ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас “COVID-19” халдвараас сэргийлэх чиглэлээр өнөөг хүртэл авч хэрэгжүүлж буй ажил өндөр сэтгэгдэл төрүүлж байна" гэдгийг тодотгов.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “ДЭМБ-ын 195 гишүүн орны 194-т нь өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар тархжээ. Эхлээд 100 мянган хүн халдвар авч, дараагийн 100 мянган хүн нэмэгдэхэд 11 хоног болж байсан бол дараагийн 100 мянган хүн 3-4 хоногт нэмэгдсэн байна. Энэ нь COVID-19 халдвар ямар хоруу чанартай гэдгийг илэрхийлж байна. ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ, “Бид шинэ коронавирусний тархалтыг хөл бөмбөгтэй зүйрлэвэл маш сайн хамгаалалт шаардлагатай бөгөөд дайралтад бэлтгэх цаг үе ирсэн гэж хэлсэн. Энэ нь эрүүл мэндийн салбарыг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах санамжийг өгсөн гэж бид хүлээн авч байгаа. Хэдийгээр АНУ өөрсдийн байдал амаргүй байгаа ч гэсэн Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байгаад АНУ-ын Засгийн газарт дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Та бүхний ДЭМБ-аар дамжуулан бидэнд олгож буй хандивыг бид иргэдээ халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар тархсан үед эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэхэд зарцуулах болно" хэмээв.

Холбоотой мэдээ