Аймгийн Засаг дарга зарим асуудлыг газар дээр нь шийдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-23 10:16:31

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаар ахлуулсан ажлын хэсэг хаваржилтын нөхцөл байдал, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай штабын үйл ажиллагаатай танилцан, заавар зөвлөгөө өгөх зорилгоор баруун таван суманд ажилласан. Ингэхдээ зарим асуудлыг газар дээр нь шийдэж, сумдад баригдаж буй хөрөнгө оруулалтын ажилтай танилцсан юм.

Тариат суманд ажиллах үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Энх-Амар “Сумын сум дундын эрүүл мэндийн төвийг хуучин эмнэлэгтэй нь холбох хэрэгцээ шаардлага байна. Мөн тус эмнэлэгт рентген аппарат хэрэгцээтэй байгаа”-г дурдаад шийдэж өгөхийг хүслээ. Аймгийн Засаг дарга “Эмнэлгийн өргөтгөлийн асуудал яригдаж байна. Ирэх оны төсвийн мэдэгдлийг авна. Хөрөнгө оруулалтад оруулахад аймгаас дэмжиж өгье. Харин зураг төсвийг нь хийлгээд бэлэн болгоорой. Мөн рентген аппаратны талаарх саналаа албан ёсоор өгөөрэй. Аймаг дэмжиж өгье” гэв.

Дараа нь Цахир суманд ажиллалаа. Тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эмнэлэг, сургууль барьж эхэлсэн. Энэ ажлуудын явцтай танилцлаа. Энэ үеэр сумын удирдлагууд гал унтраах зориулалттай автомашин авахаар болсон учраас үүн дээр дэмжлэг хүсч, галын зориулалттай машиныг олон талаар ашиглаж болох талаар мэдээлэв. Аймгийн Засаг дарга “Галын машиныг оруулж ирэх гаалийн 6.0 сая төгрөгт дэмжлэг үзүүлье” гэв.

Холбоотой мэдээ