Баянхонгор аймагт 823 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-22 16:49:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ" төслийн хүрээнд Баянхонгор аймагт 823 сая шахам төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Баян-Овоо, Жаргалант, Шаргалжуут, Заг, Галуут суманд 244 сая төгрөгөөр “Зөөврийн ариун цэврийн байгууламж” барих бол Баянхонгор, Шинэжинст, Хүрээмарал, Заг суманд 117 сая төгрөгөөр “Сайжруулсан ариун цэврийн байгууламж” барих юм байна. Мөн Эрдэнэцогт сумын төв болон Өвгөнжаргалант хүүхдийн зусланд 220 сая төгрөгөөр “Нийтийн халуун ус" барих, Баянхонгор сумын 9 дүгээр баг болон Шинэ суурьшлын бүсэд 55 сая төгрөгөөр “Ундны усны худаг шинээр гаргах” ажил өрнөх аж.

Түүнээс гадна 15 суманд 123 сая төгрөгөөр “Ухаалаг усан сан, худаг нэвтрүүлэх”, Бөмбөгөр, Шаргалжуут, Баянбулаг суманд 63 сая төгрөгөөр “Эрчим хүчний хэмнэлттэй халаалт, гэрэлтүүлэг нэвтрүүлэх” зэрэг ажлыг энэ оны наймдугаар сарын 20-ны дотор хийхээр болжээ.

Эдгээр төслийг НҮБ-ын "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн хүрээнд “KOICA” Олон улсын хамтын ажиллагааны байгууллага санхүүжүүлэн ажиллах юм байна.

Холбоотой мэдээ