Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-20 16:44:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дөдөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ. Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв. 


Тэрбээр, “БНХАУ халдварын тархалтыг хяналтдаа авсан ч Европын улс орнуудад байдал амаргүй болж байна. Хэдхэн жишээ хэлэхэд, Итали улсад өчигдөр 5862, АНУ-д 4825 хүн өвчилжээ. АНУ-д энэ сарын 12-нд 1200 хүн “COVID-19”-өөр өвчилсөн байсан бол өнөөдөр 13 350 боллоо. Манай хойд хөрш ОХУ-д тархалт эрчимтэй нэмэгдэж 250 гаруй хүн өвчилсөн. Саяхныг хүртэл өвчлөл бүртгэгдээгүй байсан Казахстан улсад 44 хүн өвчилжээ. Тиймээс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэн, бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг түр зогсоосон, Олон улсын хуваарьт нислэг, галт тэргний хөдөлгөөнийг зогсоосон хугацааг тус тус дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах тухай шийдвэр гаргалаа. Шийдвэрийг Засгийн газарт танилцуулна” гэлээ. 


УОК, Засгийн газрын шийдвэрээр, шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг хоёрдугаар сарын 12-ноос гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар гуравдугаар сарын 30 хүртэл шилжүүлсэн юм. 

Холбоотой мэдээ