Бодибилдингийн тамирчнаас допинг илэрчээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-03-20 13:36:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Монголын мистер 2020” УАШТ-ний бодибилдингийн 60 кг-д мөнгөн медаль хүртсэн тамирчин Эрдэнэчулуун овогтой Мөнхбатын  дөрвөн жил тэмцээнд оролцох эрхгүй болжээ.

Тодруулбал, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-ийн дүрмийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 17-ноос 2024 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хүртэл тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна. “Монголын мистер 2020” УАШТ-ний үеэр /2020.01.24-25/ допингийн хяналт хийлгэх зорилгоор Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хүсэлт гаргаж нэг тамирчнаас шинжилгээ авсан юм. Тус шинжилгээний хариу 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдөр ирэхэд хориотой бодис илэрсэн буюу эерэг гарсан байна.


Тухайн тамирчинтай холбогдож шинжилгээний А дээжний хариуг танилцуулахад, тэрбээр шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрчээ. Монголын бодибилдинг фитнессийн холбоо нь 1996 оноос хойш Монголын үндэсний олимпын хорооны албан ёсны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Жил бүрийн УАШТ, Улаанбаатар хотын АШТ-ний үеэр допингийн шинжилгээ хийлгэдэг юм байна.

Холбоотой мэдээ