Дорнод аймаг улсын төсвөөс хишиг хүртэх хэмжээгээрээ сүүл мушгидаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-18 12:45:08

Дорнод /МОНЦАМЭ/. Жил бүр улсын төсвөөс Дорнод аймагт хуваарилдаг хувь хэмжээг бусад аймагтай харьцуулбал сүүлээсээ гурав, дөрөвдүгээр байрт явж ирсэн гэхэд болно. Гэтэл тус аймгаас улсын төсөвт оруулдаг хувь хэмжээ маш өндөр буюу бусад аймгийг тэргүүлдэг. Тэгвэл энэ мэтчилэн шударга бус, ялгаатай байдлыг арилгаж байж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах ажлыг эхлүүлэх ёстой гэж Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлэв.   

Тус аймаг  нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ улсад удаах байр эзэлдэг. Тухайлбал, 2018 онд 900 гаруй тэрбум, 2019 онд нэг их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэсэн дүн мэдээ бий. Гэтэл ажилгүйдэл, ядуурал анхаарал татах түвшинд байсаар байна. Орон нутгийн түвшинд дотоод нөөц боломжийн хэрээр ажилгүйдлийг бууруулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй ажилласаар байгаа. 2018 онд Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг дэмжих жил, 2019 онд Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлаж, энэ хүрээнд тодорхой тооны ажлын байр гарчээ.

Ард иргэдийн дунд нэг үе ажил олдохгүй байгаа талаарх яриа, санал гомдол их байсан бол сүүлийн үед ААНБ-уудад ажилтан олдохгүй болсон гэх нь түгээмэл байгаа юм. Энэ талаар судалгаа хийж үзэхэд, цалин хөлс бага, орчин нөхцөл тааруу буюу ачаалал их, ажлын цаг урт хэрнээ дүйцэхүйц цалин хөлс олгодоггүй нь хүмүүс ажил хийхээс дургүйлхэх гол шалтгаан болж байна. 

Холбоотой мэдээ