Хулгайн гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-18 12:39:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 12 дугаар сард Сайнцагаан суманд Prius-20 маркийн таван автомашины нүүрсэн янданг хулгайлсан хэрэг гарсан төдийгүй он гарсаар хоёр ч удаагийн орон байрны хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн.

Энэхүү хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж байгаагаа аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.   

Тодруулбал, Сайнцагаан сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө гарсан Prius-20 маркийн 5 автомашины нүүрсэн янданг хулгайлсан гэмт хэргийг Дархан-Уул аймгийн харъяат 23 настай Н, 25 настай Г, Улаанбаатар хотын харъяат 28 настай Б нар бүлэглэн үйлдсэн болохыг тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Харин энэ оны хоёрдугаар сарын 13-14, гуравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө Сайнцагаан сумын 5, 6 дугаар багийн нутагт дэвсгэрт иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн эдлэл, хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлсан гэмт хэргийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат Б, Т, Б нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн болохыг тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөн илрүүлэн шалгаж байгаа ажээ.

Тиймээс орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас анхааруулж байгаагаа мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ