"Хүмүүн бичигтэн" хамт олон

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-03-17 13:50:43

Баянхонгор /МОНЦАМЭ/ Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш, академич, доктор, профессор Шадавын Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9а анги 28 сурагчтай. Тус анги нь энэ хичээлийн жилээс “Хүмүүн бичиг” сониныг ангиараа захиалан, тогтмол хичээл сургалтдаа ашиглаж байна. Мөн тус ангийнхан үндэсний бичгээ ангиараа төгс эзэмшиж, “Сайхан бичигтэн анги” болох зорилго тавьжээ.

Анги удирдсан багш Х.Одгэрэл нь түүх, газарзүйн багшаар 11 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна. Харин монгол хэл, бичиг, уран зохиолын багш Ч.Энхцэцэг нь МУБИС-ийн Монгол хэл-Уран зохиолын багш мэргэжлээр 2008 онд төгсөөд тус сургуульд 10 дахь жилдээ ажиллаж буй. Аймаг, сумын олимпиадад сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулдаг Ч.Энхцэцэг багш “Амжилттай суралцахын үндэс нь багш, сурагч нэг хүсэл, зорилготой байх. Тиймээс өөрийн болон сурагчдынхаа бүтээлч чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаардаг” гэж ярьсан. Аргазүйч Ч.Энхцэцэг багшийн 2014-2018 онд бэлтгэсэн сурагчид нь ЭЕШ-аар аймагтаа тасралтгүй 1, 2 дугаар байрт орж, улсын дунджаас дээгүүр оноо авдаг байна. Ш.Лувсанвандан, Б.Пүрэв-Очир зэрэг эрдэмтдийн нэрэмжит олимпиадуудад бэлтгэсэн сурагчид нь тогтмол шагналт байрт ордог аж.

9а ангийнхан сурлага, урлаг, спортын сайчуул ихтэй. Тус ангийн сурагч Э.Уянга 2019 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Пүрэв-Очир багшийн нэрэмжит IV олимпиадад нэгдүгээр байрт орсон байна. Мөн Баянхонгор аймгийн физикийн хичээлийн олимпиадад 2017, 2019 онд багаараа хоёрдугаар байр, сурагч Т.Бадамдолгор, О.Бадамзул нар хувийн амжилтаараа 2, 3 дугаар байрт тус тус шалгарч байжээ.

Тус ангийн хөвгүүд үндэсний “Шагайн харваа” спортоор хичээллэдэг нь бас нэг онцлог. Сурагч Х.Моломжамц 2019 оны аймгийн өсвөрийн аварга шалгаруулах Шагайн харваан тэмцээнд тэргүүн байрт орж, улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа амжилттай оролцсон байна.

Холбоотой мэдээ