Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-28 15:12:29

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өргөн мэдүүллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-иар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйл буюу “Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” гэсэн зүйлээр зохицуулагдаж байсан харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг. 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг дэх зарчимтай зөрчилдөж байгаа юм байна. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтад зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан нь баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулах эсэх нь тодорхойгүй, захиргааны зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэглэх үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна. 

Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл нь 3 зүйлтэй бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгох, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгах зохицуулалтуудыг тусгажээ. 

Хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай нийцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар хууль хоорондын зөрчил арилж, хуулийг нэг мөр хэлбэрэлтгүй дагаж мөрдөх боломжтой болж хууль зүйн хариуцлага буюу шийтгэл гарцаагүй, үр нөлөөтэй болно гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ