Де Мистура АНУ, ОХУ-д хандлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-28 14:41:28

НҮБ. /ВВС/. Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Сирийн энхийн хэлэлцээ зогсохоос урьдчилсан сэргийлэх үүднээс энэ хэлэлцээнд өндөр дээд түвшний албан тушаалтнуудаа оролцуулахыг АНУ болон ОХУ-аас хүссэн байна.

Сирид энхийг тогтоох үйл явц суларч байгаа тухай Стаффан де Мистура НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд мэдэгдээд, хоёрдугаар сард хэрэгжиж эхэлсэн гал зогсоох тохиролцоо “бараг л нуран унаж байна” гэжээ.

Хэдийгээр гал зогсоох тохиролцоо үйлчилж байгаа боловч сүүлийн өдрүүдэд Сирид мөргөлдөөн улам даамжирч байна. Өчигдөр гэхэд Сирийн Засгийн газрын хүчин Алеппо хотын орон сууцнууд болон эмнэлгийн барилгад агаараас цохилт өгсний улмаас наад зах нь 20 хүний амиа алджээ. 

Стаффан де Мистура АНУ болон ОХУ-д хандан хамтран ажиллахыг уриалаад, Ерөнхийлөгч Барак Обама, Владимир Путин нарын оролцоо нь Сирид энхийг тогтоох үйл явц амжилттай болоход нөлөөлнө гэж мэдэгджээ.

Хоёрдугаар сард байгуулсан гал зогсоох тохиролцоо "бүрмөсөн нурчихаагүй байгаа" хэдий ч хэзээ л бол хэзээ нурахад ойрхон байна гэж де Мистура хэлсэн байна.

Мөн тэрбээр "сүүлийн 48 цагийн хугацаанд 25 минут тутамд нэг сири амиа алдаж, 13 минут тутамд нэг хүн шархдаж байна" гэж мэдэгдлээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ