Обама долдугаар сард болох АН-ын их хуралд үг хэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-28 13:06:11

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама долдугаар сарын 25-28-нд Пенсильвани муж улсын Филадельфи хотод болох Ардчилсан намын их хуралд оролцож үг хэлнэ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жошуа Эрнест мэдээлжээ.

“Ерөнхийлөгч намын их хуралд үг хэлнэ гэдэг нь тодорхой, харин үг хэлэх өдрийг одоогоор товлоогүй байна” гэж Эрнест хэлсэн байна.

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгосны дараа Обама үг хэлж магадгүй гэж тэрбээр хэлжээ.

“The New York Times” сонины мэдээллээр, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр өрсөлдөж буй Хиллари Клинтон удахгүй болох намын их хурлын 2169 төлөөлөгчийн дэмжлэгийг хэдийн авсан бол түүний өрсөлдөгч сенатч Сандерсыг 1387 төлөөлөгч дэмжжээ. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшихийн тулд 2383 төлөөлөгчийн дэмжлэгийг авсан байх ёстой.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ