УБТЗ эрчим хүчний нүүрс тээврээс жилд 14 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна

Монголын мэдээ | Тодруулга
ariunbold@montsame.mn
2020-03-15 08:48:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуурай замын тээвэр дотроос их хэмжээний ачааг харьцангуй богино хугацаанд, бага зардлаар тээвэрлэх боломж олгодгоороо төмөр замын тээвэр эдийн засгийн их үр өгөөжтэй. Тиймээс бид энэ салбарт анхаарлаа хандуулж,  өөд нь татах нь мэдээж чухал. 

Монгол Улс 2016 онд 5802.4 сая кВт цахилгаан, 8727 мян.Гкал дулаан үйлдвэрлэж хэрэглэсэн. Үүний дийлэнхийг Улаанбаатар хот ашигласан бөгөөд нийслэлийн эрчим хүчний хэрэглээ жил бүр 7-8 хувиар өсөж буй. Энэхүү хэрэглээг хангахад эрчим хүч үйлдвэрлэгчдээс гадна “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нүүрс тээврийн үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл энэ үйлчилгээнд мөн л "металлын ядаргаа"-нд орсон вагонууд "үүрэг гүйцэтгэж" байна. Нүүрс тээвэрт явж байгаа вагонуудын парк шинэчлэлийг хийхгүй бол ирэх жилүүдэд эрчим хүчний тээвэрлэлтэд ноцтой хүндрэл учрахыг үгүйсгэх аргагүй. УБТЗ-ын парк шинэчлэлийн асуудалд чухам ямар бэрхшээл тулгараад буй, түүнийг шийдэх ямар арга зам байгааг тодруулахаар тус нийгэмлэгийн Тээвэр зохицуулалтын албаны дарга Ц.Лувсантай уулзсан юм .


-“УБТЗ” нийгэмлэг эрчим хүч үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд зориулан жилд хэдэн тонн нүүрс тээвэрлэж байна вэ?


-УБТЗ жилд 7 сая тонн  орчим нүүрсийг нийслэлийн эрчим хүч үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хүргэдэг. 2017-2018 жилд 6.8 сая тонн нүүрс тээвэрлэсэн байна. Жил тутам өсөж байгаа эрчим хүчний хэрэглээтэй холбоотойгоор нүүрс тээврийн хэмжээ ч нэмэгдсээр байна. 


-Нэг тонн нүүрсийг ямар зардлаар тээвэрлэж байна. Ер нь өртөг зардлаа нөхөж чаддаг уу?


-Өртөг зардлаа нөхөх хэмжээнд хүрэхгүй байгаа. Одоогоор нэг тонн нүүрсийг нэг километрт 38.6 төгрөгөөр тээвэрлэдэг ч 30.5 төгрөгний орлого олж байна. Үндсэндээ нэг тонн нүүрс тээвэрлэхэд 8,1 төгрөгийн алдагдал хүлээж байна. Багануураас Улаанбаатар хүртэлх нэг тонн нүүрсний тээврийн зардал 7760 төгрөг боловч бид 6130 төгрөгөөр тээвэрлэж байна. Тодруулбал, тонн тутамд 1630 төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Үүнийг нарийн тооцвол хоногтоо 38 сая, жилдээ 14 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Үүнээс гадна УБТЗ-ын парк шинэчлэлийн ажил мөн хүлээгдэж байна.


-Тээврийн ханшийг нэмэх нь эрчим хүчний үнэд нөлөөлөх магадлалтай?


-Манай эдийн засагчдын судалгаагаар нэг кВтт эрчим хүчний үнэ 1.6 төгрөгөөр өснө гэсэн тооцоо гарсан. Энэ бол харьцангуй бага үзүүлэлт.


-Нүүрс тээврийн үнэд өөрчлөх саналаа Засгийн газар болон бусад байгууллагад хүргүүлсэн үү?


-Өнгөрсөн онд үнийг нэмэх хүсэлтийг ШӨХТГ болон бусад байгууллагад хүргүүлж зөвшөөрлөө авсан. Гэхдээ улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан түр хүлээх ёстой гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэхдээ хугацаа заагаагүй.


-Хугацаа хэтэрсэн техник хэрэгсэл ажилтан албан хаагчдын аюулгүй ажиллагаанд ч мэдээж нөлөөлнө. Тиймээс ачааны вагонуудын парк шинэчлэлийг хэр хийж байна вэ?


-УБТЗ-д нийт 1856 хагас буюу ачааны зориулалттай вагон бий. Үүнээс 50 хувь нь 31 жил хүртэл ашиглагдсан. 50 хувь нь 32 болон түүнээс дээш жил ажиллаж байна. Олон улсын жишгээр бол, нэг вагоныг 22 жил ашиглаад хугацаа хэтэрсэн буюу “металлын ядаргаа”-нд орж, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага хангахаа больдог. Одоогоор УБТЗ-ын 800 гаруй вагон аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон.


-Парк шинэчлэхэд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?


-Эрчим хүчний нүүрс тээврээс хүлээгээд байгаа алдагдал шинэчлэх боломж олгохгүй байна. Түүнчлэн валютын ханш өсөж байгаа нь гадаадаас сэлбэг хэрэгсэл худалдан авах боломж олгохгүй байгаа юм.


-Парк шинэчлэхэд хэдэн төгрөг шаардлагатай вэ?


-Нүүрс тээвэрт явж байгаа вагонуудын парк шинэчлэлийг хийхгүй бол ирэх жилүүдэд эрчим хүчний тээвэрлэлт хийхэд ихээхэн хүндрэл учирна. 800 гаруй вагоноор парк шинэчлэхэд 100 тэрбум төгрөг хэрэгтэй байна. 


-УБТЗ алдагдлаа хэрхэн нөхөж байна вэ?


-Нүүрс тээвэрт нийт вагоны 40 хувь нь ажиллаж байгаа. Үлдсэнийг нийгмийн хэрэгцээний төмөр, мод зэргийг тээвэрлэхэд ашиглаж байна. Үүний цаана 100 орчим вагон үлдэж байгаа бөгөөд үүгээр экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний 80 орчим хувийг л тээвэрлэж байна. Гэвч бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, алдагдалтай ч гэсэн эрчим хүчний салбарын тээврээ хийж байгаа.


-Алдагдлаа транзит тээврээсээ нөхөж байгаа юу?


-Тодорхой хувийг нь л нөхөж байгаа. Надад нарийн тоон мэдээлэл байхгүй байна.


-Тээврийн үнийг нэмэх талаар эрчим хүч үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй санал солилцсон уу?


-Эрчим хүч үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд манай нөхцөл байдлыг мэдэж байгаа. Хэдий алдагдалтай байгаа ч нүүрс тээврийг 100 хувь гүйцэтгэж байгааг жил бүрийн хурлаараа хүлээн зөвшөөрч ирсэн.

Холбоотой мэдээ